Би Монголд төрсөн Монгол хүү

......

2011 оны 05-р сарын 04 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Уйтгар

2011 оны 05-р сарын 04 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг
Гансрал
Үнсэлт шиг зөөлөн салхиар илбүүлээд
Өнгөрсөн мэт гараа даллан ард хоцорход
Би
Тэнгэр өнгөтэй цэцгийг маргааштай нь хамт
Дэргэдээ үүрд чөдөрлөхийг хүснэм,

Асууя

2011 оны 02-р сарын 07 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Үүлгүй хөх тэнгэрийн туяанд нуугдсан оддоос

Үүрийн мөнгөн цацаргийг урьтаж үнссэн уулсаас

Үлгэрийн баатар амьлсан хүүхэд насны зүүднээс

Үдшээр хотонд гэтсэн хээрийн саарал боохойгоос

       Шөнийг би асууя

Ид шид нь бүрэлдсэн бурхдын ивээлт зөнчдөөс

Их үйлсэд тэмүүлсэн ухаршгүй өндөр зорилгоос

Уулсын цаагуур жаргаж буй алтан нарны цацрагаас

Урам зориг хайрласан удаан урсах цаг хугацаанаас

       Маргаашийг би асууя

Үнэнч сэтгэлийн бэлгэнд чихээ огтлосон зураачаас

Үйлийн үртэй хорвоод ганцаар үлдсэн хунгаас

Хаан ахынхаа золионд хор уусан Толуйгаас

Хайрт үрээ хамгаалж амиа өгөх эх хүнээс

       Хайрыг би асууя

Хятад төвтэй Юаний эсрэг тэмцсэн Хайдугаас

Харийн дайсанд яргалуулсан ч дуу алдаагүй Чингүнжаваас

Монголоо гэсэн сэтгэлээр сумыг сөрсөн Аюушаас

Морьтоны тамгатай Дэлхийн намтар баян түүхээс

       Эх орноо би асууя

Сүүдэр шиг үргэлж хамт явсан айдсаас

Сүү шиг мөнгөн хяруу санчиганд буух маргаашаас 

Эд нь бие үгүй ч хүний үргэлжлэл сүнсээс

Эрлэг номун хааны хос далавчтай элчээс

        Үхэлийг би асууя


Хүрэл өвгөд

2011 оны 01-р сарын 24 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Холын холд бөртөлзөх усан цэнхэр зэрэглээн дунд

Холын түүхээ хүүрнэсэн хүрэл өвгөдийн минь гэр

Эрт эдүгээн үнэнийг тээсэн бууралын хуучийг сонсох

Энэ цагийн залуус бид түүхийн нэгэн хэлхээс

Наран мандсан гэрийн хоймор эзэлсэн бурхад

Намтар цадигийг босголцсон суу алдарын дардас

Үрчлээ бүрт нь нуугдсан амьдралын арвин туршлага

Үнэн түүхийн амьд гэрч Хүрэл өвгөд сэтгэлийн минь бахархал

Хүрэл өвгөд Ханат гэрийн хоймор чимэг

Хүрэл өвгөд Хамаг монголын түүхийн цадиг

Хүрэл өвгөд Хүсэл тээсэн хойч үеийн бахархал

Хүрэл өвгөд Тууль хайлсан амьд дуулал

Хумбан туурайт хүлгийн эзэн бие үнэнч нөхөр

Худам монгол бичгийн ацаг шүдний хэлхээс

Хоёр чавхдаст хуурийн татлага дагасан аялгуу

Хорвоо дэлхийг уяраасан уртын дууны шуранхай

Олбог эзэлсэн өвгөдийн яриа нь хүртэл амттай

Омголон утаа суунагласан гэр нь хүртэл ээнэгхэн

Дээлээ бүслээд дөрөө жийхэд нь бахадмаар

Дэгээ гаансаа сороход утаа нь хүртэл дотнохон

Хүрэл өвгөд

Хүрэл улаан өвгөд мину...

...

2011 оны 01-р сарын 05 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Хайгаад хайгаад олддоггүй хайр гэгчийн тайлбар

Харамсаад харамсаад дуусдаггүй алдаа гэгчийн учир

Болор мэт тунгалаг дусал нулимсийн үнэ цэнэ

Бор зүрх түг түг цохилож амьд явахын шалтгаан

Аз жаргал руу тэмүүлсэн хүсэлд байдаг

Атгаад авч болдоггүй хүсэлд бие захирагдаж

Алаг хорвоод амьд явах

Амьд байгалийн хууль ч юм уу даа  

Номын санд

2011 оны 01-р сарын 05 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Хүмүүний бодлууд тавиур дээр

Гавьяа байгуулсан цэргүүд шиг зэрэгцхэд

Хүсэл, хүртэхүй, ухаарал гурав

Амьдрал болгож хүний хорвоод өлгийднө  

Хүсэл бол Амьдрал

2011 оны 01-р сарын 05 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Хүслээс би ургаж

Хүслээр би бойжсон

Хүүхэд насаа хүлээр үдэж

Хүний орчлонд

Хүслээр би хүсэлд дуралсан

Орчлонд би хүслээр л хайрлаж

Омголон насаа хүслээр жолоодсон

Он жилүүдийг хүслээр элээж

Одот тэнгэрийн доор

Оргилуун хүслээр амьд яваа минь энэ

 

Амьдралд...

2010 оны 12-р сарын 27 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Амьдралд би

                     Шопенгауэр шиг гаслаж 

                     Шекспер шиг дурлаж

                     Шөнө ирсэн зүүд шиг

                     Уйлж дуулж, Жаргаж зовсон

Амтанд нь  би 

                    Хүүхэд шиг орж

                    Хүсэл шиг бялхсан

                    Шүлэг шиг шунаж

                    Шүүдэр шиг ууссан

Амьдрал чи намайг

                    Баярлуулсан... мөрөөдөл шиг 

                    Итгүүлсэн... үнэн шиг

                    Бадамласан зул шиг 

                    Ганцаардуулсан...

                    Бас уйтгар шиг нөмөрсөн

                    Бороо шиг гансруулсан...

                    Бодол шиг төөрөгдүүлсэн...

... Гэлээ гээд ч би чиний доо... 

Боол болж сөхрөхгүй 

Босго болж гишгүүлэхгүй

Аврал эрж алгаа хавсарч гуйхгүй

Босоо заяат хүн миний

Босго болтол чинь хөгжсүү би

Боол болтол чинь зарцалсуу би 

                                                   Амьдрал чамайг.....


Бодолын цаана . . .

2010 оны 11-р сарын 09 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Эрхэсийн мөнгөн гялбааг үүлс халхалсан шөнө шиг 

Ээдрээт амьдралын үнэнийг мөнгөөр далдалсан гуниг шиг 

 Хүслийн дээд хязгаарыг ичэнгүйрлээр нуусан тачаал шиг

Хүмүүний бодлын цаана орчлон нуугдаж байдгийм 

Анирлангуйн ертөнц чимээгүй талын мяралзсан зэрэглээ шиг

Алдарт Египитийн пирамидын сүндэрлэн боссон түүх шиг

Хүж Дэлхий бүрэлдсэн хумхийн тоосны онол шиг

Хүмүүний бодлын цаана эргэлзээ нуугдаж байдгийм

Хан тэнгэрт ургасан борооны дараахи солонго шиг

Халхын голд нойрсож буй ерөн баатрын хүсэл шиг

Хүлээ болсон боол нэрийг халахаар боссон спартанчууд шиг

Хүмүүний бодолын цаана эрх чөлөө нуугдаж байдгийм

Таамаглалыг батлах таван мэдрэхүйн туршлага шиг

Таалагдсан бүхэндээ татагдах хүн төрөлхтний шунал шиг

Хүний хорвоод мэндлээд хөрсөндөө шингэх үхэл шиг

Хүмүүний бодолын цаана үнэн нуугдаж байдгийм

Бодолын цаана орчлон...

Орчлонгын цаана хүсэлүүд...




миний сайхан нутаг

2010 оны 11-р сарын 04 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Удамт хүчит бөхчүүдийн овоглон дуурсах дэвжээ

Увс гэх айлын хойморт заларсан нутаг

Сартай мөнгөн тэрлэгний давхарлан эмжсэн эмжээр шиг

Саран наран тольдсон таван тэс мөрөн минь


Аргамжаа

2010 оны 10-р сарын 25 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Алтан гадасаар оддыг аргамжлаж зүгээ би олдог 

Андын халуун тангаргаар өөрийгөө аргамжлаж нөхдөө би олдог 

Алдаа оноогоо өнгөрсөнтэй аргамжлаж үнэнийг би олдог

Анхны хайраар сэтгэлээ аргамжлаж чамайгаа би хүлээдэг

Өвгөдийнхөө түүхээр Монголоо аргамжлаж бахархалыг би олдог

Өр зүрхээ сүсэгтэйгээ аргамжлаж бурхадыг би олдог 

Өнөөдрийг би маргааштай аргамжлаж ирээдүйг олдог

Өөрийн зүтгэлээ үнэнтэй аргамжлаж мэдлэгийг би олдог

Бартаат амьдралын гашууныг итгэлтэйгээ аргамжлаж жаргалыг би олдог 

Бал цаас хоёрыг онгодтойгоо аргамжлаж шүлгээ би олдог

Эх дэлхийг хүмүүнтэй аргамжлаж очлонг би олдог

Энэ бүгдийг бодолтойгоо аргамжлахад өөрийгөө би таньдаг аа


Аавдаа

2010 оны 10-р сарын 25 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Хавар ирсэн шувууд намар буцхад 

Хайрт аав минь цэцэгсийг даллачхаад одсон

Намар орсон цас хавар хайлхад аав минь

Насан залуу боловч бороо зүсрүүлж одсон

Долоон бурхан миний сэтгэлд найм болж ургахад

Доголон нулимс хацар дээр минь хатаагүй үлдсэн

Уудам орчлонд аав минь уринийг бэлэглээд буцхад

Урьхан хавар таний хойноос сувдан дуслаар уйлсан

..........

2010 оны 07-р сарын 06 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Ядруухан дэлхий ирээдүй рүү алхан

Ядаж байхад цаг хугацаа түүнээс зугатаан

Үүрэндээ бужигнасан шоргоолж шиг Хүмүүс

Үндэстэн угсаатан гэж 100-н тийш талцан

Шинжлэх ухаан дэндүү их хөгжөөд ч 

Шинээр бүтээсэн зүйлс нь төрлөх гаригаа тамирдуулан

Тэнгэрт тэмүүлэх хүслээр дээлийг нь сийчиж

Тэнгэр багандсан өндөр барилгууд арьсыг нь сэндийчиж

Ядруухан дэлхий ирээдүй рүү тэмүүлсээр

Ядаж байхад хүмүүн мөхөл рүү нь түлхэн

Яахаа мэдэхгүй дэлхий минь

Ялтан юм шиг хүмүүнийг үүрээд ирээдүй рүү мөлхсөөр..........

Өнгөрсөн лүү аялсан зүүд

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Тэргэл саран зүүнтээ жаргахыг харлаа

Сар буруу эргэх хоосон орчлон

Тэнгэрт наран баруунаас мандахыг харлаа

Дэлхий буруу эргэх хийсвэр орчлон

Өтөл өвгөд өдөр өдрөөр залуужхийг харлаа

Нас буруу нэмэх биегүй орчлон

Өнгөрсөн бүхэн буцаж хойшио ухарч байна

Цаг хугацаа буруу эргэх төсөөллийн орчлон

Харанхуйн ертөнцөд нойрондоо би умбаж байна

Би зүүдэндээ аялсан бодит орчлон

Хан буурал хорвоо миний зүүдэнд буруу эргэж байна

Зүүд минь харин төөрөгдлийн орчлон

  

Нэргүй шүлгүүд...

2010 оны 05-р сарын 18 Нийтэлсэн В.Цэрэнпунцаг

Төв мэдрэлийн зангилаанд бодол хуралдаж

Төөрөлдсөн үгсээр сэтгэлд шүлгэн бороо дуслан 

Итгэл зүтгэл хоёр хурын дуслаар ариусаж

Илүү ихээр аадар оруулхыг хүсэмжлэн

Шимтсэн Бодол сэтгэл хоёр завгүй холхин

Шүлгэн бороо дусал дуслаар ширүүсэн

Цагаан талд хөх өнгөөр бороо орж

Цалин авахгүй ч гар маань амрах завгүй ажилна

...................................................................

Амьдралын хавтгайд А цэг тавьж төрчихөөд

Анирлангуйн орчлон В цэг рүү алхахдаа

Тавилан гэх траектараар өгсөж уруудаж

Төөрөг гэх замаар В цэг рүү гэлдэрнэ

.....................................................................

Цэвэр ичимхий саран үүлсийн цаана нуугдаж 

Цэцэгс харин намайг тойрон хүрээлэн

Цайлган чи минь дэргэд ирж зогсход

Цаглашгүй түүх энэхэн мөчид хөврөх шиг,,,,


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ